Monday, May 18, 2009
Calendar - Sweden - 2010
January February March
Wno Mo Tu We Th Fr Sa Su
53 1 2 3
1 4 5 6 7 8 9 10
2 11 12 13 14 15 16 17
3 18 19 20 21 22 23 24
4 25 26 27 28 29 30 31
Wno Mo Tu We Th Fr Sa Su
5 1 2 3 4 5 6 7
6 8 9 10 11 12 13 14
7 15 16 17 18 19 20 21
8 22 23 24 25 26 27 28
Wno Mo Tu We Th Fr Sa Su
9 1 2 3 4 5 6 7
10 8 9 10 11 12 13 14
11 15 16 17 18 19 20 21
12 22 23 24 25 26 27 28
13 29 30 31
7:3Q 15:New 23:1Q 30:Full 6:3Q 14:New 22:1Q 28:Full 7:3Q 15:New 23:1Q 30:Full
April May June
Wno Mo Tu We Th Fr Sa Su
13 1 2 3 4
14 5 6 7 8 9 10 11
15 12 13 14 15 16 17 18
16 19 20 21 22 23 24 25
17 26 27 28 29 30
Wno Mo Tu We Th Fr Sa Su
17 1 2
18 3 4 5 6 7 8 9
19 10 11 12 13 14 15 16
20 17 18 19 20 21 22 23
21"
Өнчин цагаан ботго
-Чулуун гэдэг хүний бие асуух гэсэн юм, орж болох уу гэсэн миний гуйлтанд өрөөнийх нь дугаарыг мэдэхгүй бол боломж алга даа гэсэн хайхрамжгүй хайш яйш хариу өгөөд шил дарсан задгай үсээ сэгсэлзүүлсээр дэгдээд алга болсон үйлчлэгч, аль алиныг нь сэтгэлээсээ авч хаяхыг оролдон шал өөр юм бодож зогслоо. Гучин долооны жил орсон, толгойн оройд цөөхөн цагаан үс үзэгдэх болсон бүсгүй хүн юу эс бодох билээ дээ…"
Дунд сургуулийн зургадугаар анги, арван дөрөвтэй, тахимаа хүрсэн урт шаргал гэзэгтэй охин нас. Урт гэзэг минь одоо бодоход ангиараа жагсахад дороосоо хоёрт арайхийн ордог намхан жижиг биеийг минь чимж өгдөг байсан болов уу.
Манайх хотын баруун дүүрэгт. Эмэг эх маань Баянхошууны зүүн салаанд зусч хоёр үнээгээ шувтардаг болохоор намайг зуны амралтаар хажуудаа авна. Би ч эмээтэйгээ байх дуртай. Өглөө эрт босч тугал татаж өгөөд үнээгээ гилж, сүүгээ хөөрүүлнэ.
Миний хамгийн дуртай ажил бол ууланд гарч хуурай мөчир, хар модны боргоцой түүх. Их үд өнгөрч гараад оройн саамнаас өмнө гэртээ нэг уут түлээтэй ирж, галаа түлж хар модны боргоцой чад, пад дуугарч дөл дунд үсрэхийг харж суух сайхансан.
Намайг түлээнд гарахыг анаж байгаад саахалт айлын хүү Чулуун араас дэгдээд ирнэ. Түлээгээ хоёр уутандаа яаран дүүргэж ургаа мод түшүүлж тавиад нөмөрт нь бид хоёр зэрэгцэн сууж тухлана. Тэгээд Чулуун хуур хөгжим дарж, надад заах гэж үйлээ үзнэ. Бас үлгэр, түүх хэлж алмайруулна. Чулуун хуураар хоёр янзаар наадна. Нэг нь хуурын татуургаар эр бор харцагыг, нөгөө нь баруун гараараа хоёр чавхдасыг товшиж өнчин цагаан ботгыг тэшүүлнэ.
Чулууны хуурдсан ая, бүдүүн бараг хийцийн модон хуурнаас биш, харин эзнийх нь арван хурууны өндөгнөөс цацарч байгаа юм шиг.
Зууханд асч байгаа галын дөлд хар модны боргоцой чад, пад үсрэхийг харж суухад Чулууны товшуурын ая, гэрийн хөнгөн өрх дэрвүүлж зуны үдшийн салхи исгэрэх нь эр бор харцагын эгшиг шиг.
Чулуун надаас өндөр, бас бяр тэнхээтэйгээ гайхуулж, хоёр уут дүүрэн түүсэн түлээг холбож мөрлөөд би араас нь хуурыг нь бариад дуу аялан, дэгдэн бүжиг эргэж гэрийн зүг ачаатай тэмээний араас дагасан ботго шиг гарч өгнө. Мод түлээнд өнжөөд гардаг болохоор нэг өдөр удаан, нөгөө өдөр хурдан өнгөрдөгсөн.
Хуур морин толгойтой байдаг бол Чулууных тийм биш. Өвөө нь Чулуунд хуураар наадахыг зааж сургаад нарс, ямааны шүүж элдэж тэлсэн сарьс, хурдан морины сүүлээр энгийн гар хийцийн хуур хийж бэлэглэсэн юм гэдэг. Чулууныхтай эмээгийнх саахалт хоёр жил зусч, намайг долоод орох намар миний сайхан хуруутай хуурын багш минь Дундговь гэдэг аймагт шилжсэн. Тэр жил би хүүхдийн гэнэн цагаан нөхөрлөлийн насаа хараахан гээж чадаагүй байсан юм болов уу даа.
Чулууны найм, миний долоод орох зун одоо хүртэл санаанаас салдаггүй юм. Чулууныг хуурдаж, товшуурдаж байхад түүний урт нарийн шөрмөслөг хуруунаас би нүдээ салгадаггүй, цээжинд хоногшсон хуурын хөнгөн ая чихнээс минь салдаггүй. Бие биенээсээ холдох дургүй бид хоёр мөр мөрөө түшин суугаад нүднээс салдаггүй гарыг нь харж, чихнээс холддоггүй цэнхэр аялгууг сонсч байгаад нэг мэдэхэд нар уулын цаана хүүшилж, оройн саамнаас хоцорч, “ботго дагуулсан ачаатай тэмээ” тэшүүлж гарна. Чулуун дундын говьд төрж өссөн болохоор юм л бол ботго, тором, ат, ингэ гэж ярих дуртай. Тэгээд өөрийгөө өндөр хар ингэ, намайг эхээ дагасан цагаан ботго гэнэ.
Чулуун бас хуур хөгжмийн тухай өвөг эцгээсээ сонссон хоёр домгийг надад хэчнээн ч удаа ярив даа.
Хуур хөгжим эртний Хүннү аймгийн “ху” гэдэг үгнээс гаралтай гэнэ. Хоёр мянга хоёр зуун жилийн өмнө Монгол нутагт амьдардаг нүүдэлчин, малчин ардыг урд хөршийн суурин иргэншлийнхэн “ху” гэж хэлдэг байж. “Ху” гэдэг нь “хүн” гэсэн үгнээс үүсэлтэй. Эртний монгол аймгийг Хүннү улс, Хүн улс гэдэг байж. Хуур, хуучир гэдэг нь Ху-гийн хөгжим, Хүннүгийн хөгжим гэсэн утгатай. Тэр цагт хуурын тэргүүнд морин толгой байгаагүй учраас морин хуур гэж хэлдэггүй байж. Манай өвөө миний хуурыг “хүн” улсын аргаар морин толгойгүй хийж өгсөн гэж Чулуун сайрхана.
Чулуун, яагаад морин хуур гэх болсныг тэнгэрийн хархүүгийн алдсан хайр сэтгэлийн бэлгэдэл гэнэ. Хайртай бүсгүйгээ тэнгэрт орхиод далавчтай хүлгээрээ хөрст дэлхий дээр ирсэн хархүүд сэтгэлтэй болсон газрын хүүхэн, тэнгэрийн сайхан хүүхэнд атаархаж хүлгийнх нь шидэт далавчийг хайчилжээ. Тэнгэрийн хархүү жигүүрт хүлгийнхээ дэл сүүлээр хөвч татаж, толгойг нь дуурайлган сийлж морин хуур бүтээж мөнхийн хайрын ая зохиосон юм гэж үлгэр ч гэсэн үнэн юм шиг надад итгүүлнэ.
Долоод ордог жилийн зуны амралтын зуслангийн айлууд бууж байхад Чулуун бид хоёр сүүлчийн хоёр уут түлээгээ түүж зэрэгцэн суухад сайхан гараараа намайг элгэндээ нааж,
-Миний хөөрхөн цагаан ботго минь сайн сууж байгаарай гэж чихэнд минь шивэгнэж хацар нүүрийг минь зөөлөн, зөөлөн үнсэж билээ. Би өндөр Чулууны хацрыг тэмүүлэн байж үнсэж зүрхлээгүй. Харин сайхан гарынх нь алгыг хоёр хацартаа нааж уруулаа хүргэж суусан. Ингээд бид хоёр захидлаар байнга харилцдаг болсон.
“Улаанбаатар хотын… Даваажав” хаягтай захидал авах болгондоо би тооны хичээлд онц дүн авсан юм шиг баяр хөөр болно. Захиагаа цээжиндээ нааж багш, ангийнхныхаа нүдийг харуулдаж байж уншина. Гэртээ яаран гүйж хариад цайгаа уухаасаа өмнө захидлаа нуухын зовлонгүй дахин, дахин тайван уншина. “Миний хөөрхөн цагаан ботго, сайн байна уу. Говийн заг бударганатай тал нутгаас чиний эх, өндөр хар ингэ чамайгаа эрэн санан хөхнийхээ сүүг савируулан, нүднийхээ нулимс бөмбөрүүлэн өнчин цагаан ботго чамайгаа санан, гунин Богд уулыг тэшин сунаж даваад очмоор, учирмаар байна” гээд хөгжмийн уралдаанд аймагтаа түрүүлж, жинхэнэ морин хуураар шагнуулсан тухай бичнэ. Энэ захидлыг Чулуун урт сайхан хуруугаараа бичсэн гэж бодохоор чихэнд хуурын эгшиг, өрх дэвх салхи, оч үсэрч чад пад гэдэг ил галын дөл нүдэнд харагдаж чихэнд хангинадагсан.
Миний “Дундговийн сургуулийн…” гэсэн захидал тийм ч олон биш. Эрэгтэй хүүхдээс ирдэг “Надаас чамд, навчнаас цэцгэнд…” гэсэн захидал болгонд хариу өгдөггүй шигээ Чулууны захидлын хариуг яарахгүй.
“Миний өндөр ингэн ээж минь амар байна уу. Чиний цагаан ботго гадсаа тойрон дундын говийг харуулдан, харуусан буйлж явна” гээд
Ижийтэй цагаан ботго
Ижийгээ дагаад наадаж явна
Ижийгүй цагаан ботго
Гадсаа тойроод ганганаж байна
гэсэн дөрвөн мөрт дурайлгана.
Бид ингэж гурав дөрвөн жил захидлаар харилцаж, Чулуун арваа төгсөөд аймгийн театрт нэг жил хөгжимчин болж мөнгөжөөд соёл урлагын их сургуульд, би дунд сургуулиа дүүргэж бас нэг сургуульд суралцах болзол тавина. Ингээд нэг нь арван ёстэй эр, нөгөө нь арван наймтай хүүхэн болно гэж яарсан хэрэг. Яарсны хэрэг юу болохыг хэн хэн нь мэдэж л байсан байх даа.
Аз жаргалын эрэлд
Амьдралд бүх зүйл хангалуун байвч аз жаргалгүй байгаа юм шиг санагдах үе гарах нь гайхалтай. Ажлын цаг дуусаагүй байсан ч нэг л юманд яарч хөтлөгдөн гадагш гарлаа. Гадаа тогтуун дулаахан тэгээд агаар амьсгалахад нэн таатай санагдана. Машинаа орхичихоод хаашаа ч юм яаралгүйхэн алхав. Гэртээ харих гэж яарсангүй. Хаврын тогтуун цэлмэг тэнгэрийг ширтэж, гудамжаар алхаж яваа аз жаргалтай хүмүүсийг харахад сэтгэл тайвширч хөнгөн гуниг сэтгэлээс уусан алга болох шиг. өсгийтэй гуталтай удаан алхсан болохоор хөл нь маш их өвдөж эхлэв.
Хэсэг суучихаар газар хайж ийш тийшээ хартал “Мөрөөдлийн мөхөөлдөс”. Нэр нь хүртэл ямар гайхалтай вэ? Яаран гүйхээрээ орж хамгийн том жимстэй мөхөөлдсийг захиалан суулаа. Ямар гоё амттай мөхөөлдөс байсан гэж санана. Амьдрал яг л энэ мөхөөлдөс шиг гайхалтай амттай сонирхолтой байдаг ч яг л энэ мөхөөлдөс шиг хэмжээтэй амархан дуусчихдаг. Мөхөөлдөс дуусч гарах болоход гэнэт түрийвчээ цүнхээ машиндаа орхисноо саналаа. Гар утас бүх юмаа орхисон байлаа. Түүнд хүнд үзүүлэх ганц ч бичиг баримт байсангүй. Яах учраа олохгүй хэсэг суугаад хажуугийн ширээнд суугаа хөвгүүнийг олж хараад баярлан мөнгө зээлэхээр шийдэв. Цэнгэл зориг гарган босч очоод
- Сайн байна уу? гэж инээмсэглэн ширээнд суув. Хөвгүүн Энэрэлийг гайхсан харцаар хараад муухан инээмсэглэв.
- Уучлаарай , эгчдээ тус болооч. Эгч нь түрийвчээ машиндаа орхисноо мартаад зайрмаг аваад идчихлээ. Машин маань ажлын гадаа байгаа. Мөнгө зээлээч гэж гуйх гэсэн юмаа гээд инээсэн болов. Хөвгүүн бүсгүйг үзэсгэлэнтэй юм гэж сонирхон харж байлаа. Өмссөн хувцас нь ч гэсэн худлаа ярихааргүй юм шиг санагдсан болохоор
- Таны тооцоог би хийчихье. Бэлэг гээд бодчих гээд инээмсэглэв.
Цэнгэл жаахан санаа зовоод хөвгүүнийг дагаж гадагш гарав. Чамайг хэн гэдэг юм бэ?
- Оргил, харин таныг ?
- Цэнгэл. Чи надад утсаа өгчих. Би чамруу утасдаад мөнгийг чинь өгье.
- Та одоо хаашаа явах юм бэ? Хамтдаа жаахан алхая
Жаахан хүүхэд хирнээ ингэж ярьж байгаа нь эгдүүцмээр. Цэнгэл дуугуй л алхсаар ажлынхаа гадаа ирэв. Машинаас цүнхээ аваад мөнгийг нь өгөх гэтэл
- Та намайг хүргээд өгчих. Би тэгвэл баярлана шүү гээд машинд нь суучихав.
Цэнгэл дуртай дургүй машиндаа суугаад хүргэж өгөхөөр явав. Энэ хавар сургуулиа төгсөх Оргил айлын ганц хүү болохоор их л дураараа бололтой. Утсаа солилцоод Цэнгэлийн урам ч хугарах шиг санагдав. Амьдралд нэг л зүйл дутагдаад түүнийгээ хэн нэгнээс хайгаад ч байгаа юм шиг.
Тэд хааяа msg бичиж messenger-дэж бие биенийхээ тухай бага багаар мэддэг болж байлаа. Уулзах санал тавих боловч Цэнгэлд уулзах зориг дутаад бас өөрөө ч хүчлэхгүй л байлаа. Гэвч юуны тулд харилцаад байгаагаа өөрөө ч үл мэднэ.
Цэнгэл хүүдээ л хамаг анхаарлаа хандуулдаг болохоор түүнд чөлөөт цаг тэр болгон гараад байдаггүй. Харин нөхөр бол зөвхөн бэлэгдэл маягтай хэрэгцээтэй бүхнээр хангах нь өөрийн үүрэг гэж ойлгосон нэгэн байдаг байлаа. Цэнгэлийг ч хүүгээ ч эрхлүүлж хөгжилтэй зүйл хийж тоглож цагийг хамтдаа өнгөрөөнө гэж байдаггүй. Ширээ тойроод халуун хоолоо идэх нь баяр ёслолын үеэр л ховорхон тохиолдоно.
Удалгүй эмэгтэйчүүдийн баяр болов. Цэнгэлийн хувьд энэ өдөр сагстай цэцэг авч эхэлнэ. Нөхрийнх нь туслахийн бэлтгэсэн цэцэг. өөрөө ч ямар цэцэг байгааг хараагүй байдаг болов уу? Орой нь ирэхдээ ямар нэгэн бэлэг бэлдэж ирнэ. Цэнгэл өдөр нь ээжийгээ баярлуулаад л энэ өдөр ерөнхийдөө дуусна даа. Харин энэ удаагийн баяраар өглөө авдаг гоёмсог цэцгээ авч тавьчихаад зурагт асаан дэмий хэвтлээ. Хэсэг хэвтээд босч хүүгээ хооллоод гарахаар бэлтгэв. Ээж хүү 2–тойгоо гадуур жаахан явж юм үзээд дараа нь хоолонд ороод хүүгээ ээжтэйгээ хамт явуулчихаад гэртээ ганцаараа ирэв. Гадуур гармаар санагдаж ганц хоёр найз хүүхнүүдрүүгээ залгасан боловч өөрийг нь дагаад явж байдаг завтай хүн олдсонгүй. Хувцасаа сольж өмсөөд жүжиг үзэхээр шийдэн гарав.
Билетээ авчихаад эхлэх болоогүй болохоор машиндаа хаачихаа мэдэхгүй сууж байтал хэн нэгэн цонхыг нь тогшив. Цочин хартал Оргил инээмсэглэн зогсож байлаа. Хэзээний танилууд шиг машинд нь орж суугаад
- Таныг нөхөртэйгээ хамт байгаа байх гэж бодоод ярьж чадахгүй байлаа. Ганцаараа юу хийж байгаа юм бэ?
- Манай нөхөр ажилтай. Ер нь байнга л ийм байдаг юм даа. Ганцаараа уйдаад жүжиг үзэх гэж байна. Чи юу хийж яваа юм бэ?
- Бас л уйдаад ганцаараа гээд инээв
- Найз охин байхгүй гэжүү?
- Байсаан охид хуурамч. Намайг хуурсан тэгээд л салсан.
- Бүгд тийм биш. Сайн охид зөндөө л байгаа. Чи итгэхээ л больсон байх.
- Магадгүй л юм. Гэхдээ л одоохондоо охид хэрэг алгаа. Охидууд бүгд л мөнгөтэй баян залууд өврөө нээж явдаг. Хэн ч байсан хамаагүй гүйгээд л очдог байхгүй юу.
- За за, чиний бодол иймэрхүү байдаг байж. Чи жүжиг үзэх үү? Хамт оръё
- За тэгье
Тэд хамтдаа жүжиг үзээд дараа нь нэг жижигхэн кафед хоол идэв. Оргил Цэнгэлд зүрхэн хэлбэртэй ягаан чулуун шигтгээтэй утасны зүүлт авсан байв. Оргил
- Би танд нэг уулзахаараа өгнө дөө гэж бодоод өнөөдөр авсан. Танд таалагдаж байна уу? Цэнгэл маш их хөөрч баярлан
- Баярлалаа маш их таалагдаж байна. Ямар гоё юм бэ? Гээд үнэн сэтгэлээсээ инээмсэглэж байлаа.
Тэдний хамтдаа барьсан зоог гайхалтай амттай байв. Цэнгэлийн хувьд энэ үдэш санаанд оромгүй сайхан өнгөрсөн авч нөхрөө гэртээ ирээд намайг байхгүй байгаад гайхан санаа нь зовох байх гэж бодсон боловч утасдсангүй. Дараа нь тэр 2 бурханы цэцэрлэгт очиж жаахан суугаад хүйтэн болохоор гэртээ харихаар явцгаав.
Цэнгэл гэртээ иртэл нөхөн нь ирээгүй л байв. Амьдрал дэндүү утгагүй байгаа юм бишүү гэж бодогдон бухимдах сэтгэл төрнө. Ганцаараа вино ууж жаахан суугаад нөхөр нь ирээгүй л байсаар. Ганц баярын өдөр эхнэрээ баярлуулж чадахгүй юм бол нөхөр гэж байгаад яадаг юм бэ? Гэж бодон бачуурна. Анх удаа ч ингэж байгаа бишдээ. Сүүлийн хэдэн жил ийм л маягтай амьдарч байна. Би дэндүү их тэвчиж байгаа шүү гэж ганцаараа уйлж дуулж бүжиглэж орилж хашгираад ч нэг сайхан тайвширч чадсангүй. Энэ хооронд уусан жаахан вино нь шингэж алга болсон байлаа. Компьютерээ асаан интернэтэд ортол Оргил байв.
Жаахан юм бичих гэсэн боловч уур нь хүрээд сууж чадахгүй байлаа. Тэгээд унтлаа гэж хэлээд компьютерээ унтраав. Хувцасаа бэлдэж чемоданд хийгээд дараа нь хүүгийнхээ хувцасыг бас бэлтгэв. өөрийнхөө ажил хэрэг болон бусад бүх л хэрэгцээтэй бүхнээ бэлдэв. Энэ хооронд жаахан тайвширч нойр нь ч хүрээд нүд нь анилдаж байлаа. Цаг аль хэдийн 5 болсон байлаа. Унтахаар хэвтсэн боловч ганцаараа гэж бодохоос аймшигтай санагдана. Энд тэндээс том нүд хараад байх шиг , хэн нэгэн хаа нэг газар нуугдаад өөрийг нь алах гээд хүлээж байгаа юм шиг л аймшигтай. Хөдлөхөөс амьсгалахаас ч хүртэл айгаад нойр нь хүрч анилдаж байсан нүдээ анихаас ч аймаар. Ганцхан өнөөдөр ч биш бараг өдөр бүхэн энэ л айдсаа арай ядан дарж нөхрөө хүлээдэг болохоор өөрийн эрхгүй нулимс нь шанааг нь даган урсана. Сэтгэлээ онгойтол уйлмаар байсан ч чимээ гарах вий гэхээс үхтэлээ айж байлаа.
Уд дундын наран Цэнгэлийг мишээн үнсэж сэрээв. Нөхөр нь ирсэн унтаж байлаа. Аз жаргалаар бялхаж бялуурсан хүн унтаж байгааг харахаас дургүй нь хүрнэ. Босч усанд орчихоод өглөөний цай бэлдсэн болоод өнгөрсөн шөнө бэлдсэн юмаа аваад гарахад нөхөр нь унтсаар л байлаа.
Гэрээсээ гараад явахад хамаг юмаа хаяад явж байгаа юм шиг сэтгэл хөндүүр байлаа. Бүхэл бүтэн 6 жил хамтдаа амьдарч бүтээсэн амьдрал гэж бодохоос хайран санагдана. Машиндаа хамаг юмаа ачаад хэсэг суугаад хаашаа явахаа бодов. Битүүхэн нөхрөө гараад ирэх болов уу? Утасдах болов уу? Гэж хүлээж байлаа.
Хэдэн минут машиндаа суугаад хаашаа ч явахгүй зөвхөн гэртээ байхаар шийдлээ. өөрийг нь тоохгүй анхаарал халамж тавихгүй байгаа хүнээс болж яагаад би гэрээсээ явах ёстой гэж. Яг одооноос эхлээд би зөвхөн өөрийнхөө хүссэнээр амьдрах болно гэж бодоод машинаас юмаа гэрлүүгээ зөөж эхэллээ. Юмаа зөөж дуусаад мэссэнжэртээ ортол Оргил байж байв. Цэнгэл
- Завтай байна уу? Оргил гайхсан бололтой
- Зав ч байна л даа. Гэнэт та юу болов ?
- Тэгвэл надтай хамт нэг тийшээ явж чадах уу?
- Хаашаа ?
- Чадах юмуу үгүй юмуу?
- Танд ямар нэгэн юм тохиолдоо юу ? юу болсон бэ?
- За за больё . ямар их юм асуудаг юм бэ гээд уурлаад мэссэнжэрээ хаах гэтэл
- За чадна, чадна. Би тэгээд хаана очих бэ?
- Чи хаана байгаан. Би очоод авья
- Гэртээ
Цэнгэл Оргилыг очиж аваад юу ч ярихгүй баахан давхив. Оргил юм асууж чадахгүй нилээд тэвчиж явсан боловч сүүлдээ тэвчээр нь алдагдан
- Бид ингээд яваад л байх уу?
- Чи хаашаа явмаар байна?
- Би бүр юу хэлэхээ ч мэдэхгүй байна.
- Уучлаарай , эгч нь жаахан бухимдаад. Чамайг уурлаж загнаж муухай аашилсан бол уучлаарай. Чи надтай хамт хэсэг хугацаанд байж чадах уу?
- Тантай хамт амьдрана гэсэн үг үү?
- Үгүй дээ / инээгээд/ завтай үедээ л надтай уулзаж хамт байж чадах уу?
- Та нөхрөөсөө салж чадах юмуу?
- За за миний хэлснийг март.
- Тоглосон юмаа. Чи гэж дуудаж болох уу?
- өөрийнхөө хүссэнээр л дууд. Гэхдээ би чамайг надтай заавал уулзах ёстой гэж хэлээгүй шүү.
- Хоёулаа хоол идэх үү? Би өлсөж байна. Гэхдээ бид ингээд хамаагүй хамт яваад байж болох юмуу?
- Болохгүй л байх даа. Юу л болоод байна даа.
- Хамт байхад бидэнд зугаатай байсан ш дээ. Юу ч бодохгүй явцгаая.
Цэнгэл яг л жаахан охин шиг хөөрч догдлон болзоондоо яардаг болов. Ажлаа тарж ирээд яаран хоолоо хийгээд үс зүсээ янзлан гарч одно. Анхныхаа болзоонд яарч байгаа жаахан охин шиг сэтгэл нь гэгэлзээд байж сууж чадахгүй ажлын цагийг арай гэж дуусгана. Зарим үед ажлынхнаасаа нуугдан хамт хоол иднэ. Байнга л инээмсэглэн сайхан загнах өөрийгөө аз жаргалтай мэт төсөөлөн боддог байлаа. Гэвч байнга л айж хулчийж нуугдан явах нэг бодлын зовлон ч юм шиг. Зарим үед өөрийгөө зөв буруу юу хийж байгаагаа ялгах салгах ч ухаан хүрэхгүй. Тэр талаар бодохыг ч хүсэхгүй. Энэ өдрийг л сайхан өнгөрөөж байвал болно гэж бодогдоно. Замын 2 талаар алхан нэг нэгнээ харан утсаар ярилцана. өөр өөр ширээнд суугаад бие биерүүгээ инээмсэглэн харж мөхөөлдөс иднэ. Хамтдаа дэлгүүр хэсч бие биенээ алсаас ширтэн инээмсэглэх зугаатай аз жаргалтай санагдана. Нэг л мэдэхэд биесээ санан үгүйлж дурлалт хосууд шиг хөтлөлцөн алхахыг хүснэ. Цэнгэл өдөр хоног өнгөрөх тусам Оргилд улам дассаар байлаа. Цаашдаа яаж амьдрах тухай бодон заримдаа шанална. Нэг л өдөр Оргилоос сална гэж бодохоос хэцүү санагддаг байлаа. Үргэлж хамтдаа байж “чи үнэхээр сайхан бүсгүй гэдгээ мэдэх үү?” гэж чихэнд нь шивнэхийг дандаа сонсмоор санагдана. Түүнтэй үргэлж хамт байж сайхан үгэнд нь уярч догдлон сэтгэлээ тайтгаруулж баймаар...
Сүүлийн үед Цэнгэлийн нөхөр ажлаасаа эрт ирж түүнд санаа тавьж халамжлах гээд байгаа нь нэг хачин санагдана. өдөр бүхэн л хамтдаа хоол идэх юмуу эсвэл ямар нэгэн кино тоглолт үзэх гэж хичээнэ. Цэнгэлд энэ бүхэн сонин санагдаж өөрийг нь мэдчихээд ингээд байгаа юм шиг айдас төрдөг байлаа. Ямар ч хүн эхнэрээ өөр хүнтэй уулздагийг мэдээд уурлана биздээ гэж бодогдох үе ч байдаг байлаа. Өөрийг нь тоохгүй, өөрт нь анхаарал тавихгүй болохоор эхнэртээ тавьдаг анхаарал халамж нь багассан болохыг мэдсэн бололтой. Нөхрийнх нь анхаарал халамж дэндүү ихэдсэнээс Оргилтой уулзах боломж бараг л олдохгүй болов. Нөхөртэйгээ харилцах харилцаа сайжран амьдралынх нь хань хүүгийнх нь аав болох хүнд анх яагаад хайртай болсноо эргэн санав. Өөрийнх нь сонгосон амьдрал насан туршдаа хамтдаа амьдрана гэж сонгосон сонголт нь энд л байлаа. Түүний эрж хайгаад байсан аз жаргал гэрт нь хадгалаастай байж л байсан байна. Хуучин хувцсан дундаа эвхэж хийгээд дахиж гаргахаа мартсан бололтой.
Мөрөөдлийн мөхөөлдөс идэн гэр бүлийнхэнтэйгээ амралтын өдрийг өнгөрөөж байтал Оргил нэгэн охиныг хөтлөн орж ирлээ. Оргилтой хамт байсан мөч бүхэн түүний нүдний өмнүүр жирэлзэн өнгөрнө. Энэ л хөвгүүний ачаар миний гэр бүл аз жаргалтай болсон гэж бодохоор түүнд талархах ёстой. Тэр аз жаргалтай байгаа болов уу? Гэж түүний нүдрүү нь ширтэвч тэр өөрийг нь харж байгааг анзаарах завгүй байлаа.
- ээжээ гэж хашгирах хүүгйинхээ дуунд цочин явах болсныг мэдээд гарахаасаа өмнө дахин нэг удаа түүнлүү харахад тэр инээмсэглэн Цэнгэлийг харж байлаа. Сүүлийн удаа гэж бодохоор удаан хармаар байвч тийм боломж байсангүй. Түүнд аз жаргал хүсээд тэндээс гарах л үлдсэн байлаа.
Нүнжиг
1990 оны "Шувуун саарал" наадмын тусгай байрын шагналт
Наадмын нөгөөдөр. Намайг нутгийн улс бараадуулж өгөөд Цогоо ах шагай зээрдээ хөтлөн зам салан давхиж одлоо. Будар будар тоос нь миний цээжинд суунаглана. Аргагүй шүү дээ, миний ах биш юм чинь. "Эрхэлж дагадаг бага зээрд минь танихгүй хүнд хөтлүүлэн хаа газар янцгааж яваа бол" хэмээн санахад дотуур мэгшинэ. Их хоёр загал ч гэсэн дээ. Буга хайрханыхаа мөнх цасан усаар ундаалж өссөн болохоор бусдын газрын ногоо нь хүртэл амнаас унаж байгаа биз. Цогоо ахын түнтгэр хар түрийвч ямар үнэртэйг мэддэг болов уу. Уг нь Цогоо ахын л үнэр шүү дээ. Гэртээ харина гэхээс газар дэндүү ойртож, уулс хэтэрхий намсана. Дүү нартаа авсан хайрцаг ёотон хавирга холгоно.
Сар өнгөрлөө. "Цэнхэр Цогоогийн азаргатай адууг Цахирын хясаанд аянга ниргэчихэж гэнэ. Юм мөн ч нарийн учиртайяa. Хайран сайхан хурдан удмын адуу. Цэнхэр Цогоод хүлгийн тэнгэр аргагүй л гомдож дээ" гэж хөгшид хөөрөлдөн, буурал толгойгоо сэгсэрнэ. Шагай зээрд нь яасан бол гэж асуух гэвч өвгөдөөс дальдарна. Ижилдээ ганц хурдан хүлэг үлдсэн юмсан. Хүлгийн тэнгэр гэдэг нь нүдтэй болов уу, үгүй болов уу гэж бодоход тарвага хошгирч, царцаа шаргин, нохой хуцаж сэтгэл үймүүлнэ.
Тэр нэгэн шөнө. Аав, Цогоо ах хоёр халамцуухан ярилцаж суув. Ээжийн цайны ааг ханхлана. Би тоононы даага тэгнэсэн хоёр цагаан одыг ширтэн, алин дээр нь хүлгийн тэнгэр байдаг бол гэж бодно. "Хүний буян худгийн ус хоёр хэмжээтэй дээ" гэж аав хэлнэ. "Яaдаг юм надад мөнгө хэрэгтэй. Нутгийн та нар л намайг ойлгохгүй болохоор би хаачих болж байна. Би уг нь захчины нутгаас нэг хүүхэн босгож ирэх гэсэн юмсан. Сайн ч хүний үр, сайхан ч хүүхэн. Хүний тийм үрийг авчраад би янгиа толхуулж, ямбуу эдлүүлж, адсага унуулахгүй гэсэндээ л гурван морио зарсан юм. Би хүнээ бодох уу, адуу бодох уу" гэж Цогоо ах цээж түрэхэд уулын чинээ хар сүүдэрт нь унийн толгой үзэгдэхгүй болно.
Намайг дахин сэрэхэд. Тооно тэгнэсэн хоёр од хэлтийжээ. "Шагай зээрдэд хичнээн их үнэ хаясан гээч. Гэтэл Борхүү уйлаад салдаггүй. Ерөөсөө эхлээд л загалаа хүнд өгөхөд мэлтэлзүүлж эхэлсэн юм. Аргадаж, аашилж ядлаа. Сүүлдээ бүр дотор эвдрээд... тэгээд шагай зээрдээ аваад үлдсэн юм. Тэгтэл арван найман адууг минь хүйгээр нь аянга ниргэчихсэн мөртөө ганц шагай зээрд зүгээр шүү. Нөгөө хэдийгээ санадаг ч юм уу, адгуусны зөн ч юм уу, адуу захлаад, салж зогсоод нэг л биш байсан юм" гэх Цогоо ахын дуу сонсогдоно. "Эр хүний гундаж, гонсойж явах өдрийн алийг тэр гэхэв дүү минь" гэж аaв сэтгэл засна. Тэгснээ дууллаа.
Талын шар цэцэг нь
Сайхан нарандаа гандана гээд л Цогоо ах, аав хоёр хоолой нийлүүлэн цангинуулахад эрхлэн дагадаг бага зээрдийн минь мэл хар нүд тоонон зайцаар харагдаж, цоргио хонгор янцгаалт нь уулын чанадаас сонсогдов. Ай хөөрхий. Сайхан нарандаа гандах заяатай шар талын цэцэг ээ гэж...
Өглөө нь айргаар мялаалгасан юм шиг билэгт цагаан сортой, хана сайхан хавирга, хаан суудал ташаатай шагай зээрд морь манай шузганд уяатай байх юм гэж хэн ч санасангүй. Амгай зуузайд нь алд цэнхэр хадаг зүүгээд орхижээ. Шагай зээрд намайг танив уу, эвшээн тамшаагаад, толгойгоо өгөн маажуулах гэж шөргөөнө. Тэр тоолонд хадаг намирна. Мичид гудайлгаад мордсон Цогоо ах маань хаана дуулж яваа бол гэж санахад дуртмал нарны туяанд уул тал налайвч, тэртээ хөндийн хөх униар хүүхэн хутагтын хөөсөн гучин гурван шаргын тоос уу гэлтэй балартан суунаглана. Бор бор бялзуухай нь босон суун жиргэнэ.
Тав хоног өнгөрөв. Цогоо ахыг ятгаж, шагай зээрдийг нь буцаахаар мордсон аавын бараа дурангийн аманд тодорч, тодрох тусмаа томорно. Дэргэтэл хатирах мoрины салхинд шагай зээрдийн зуузайн дахь цэнхэр хадаг дэрвэлзэнэ. Уяан дээр угтсан ээжид хэлсэн үгийг нь сонсвол ирээд буцсаныхаа маргааш Цогоо ах сайхан захчин хүүхнийхээ нутаг руу аймаг дамжаад нүүгээд явчихсан байна гэнэ. Талд таана хэнзэлж, ууланд тошлог хүрэнтэж эхэлсэн тэр цагт орой дээрээ хоёр цохиотой Мөстийн их нуруу, уужим уужим судалтай монгол эмээл шиг эзгүйрч харагдаж билээ.
МОНГОЛ ЗАН
Гуних минь, монгол хүн юу ч хий, дандаа хүний амаар, сураг таамгаар, бусдын хийсний "хуулбар"-аар хийдэгээс үүдэн гунинам.
"Барын сүүл болохоор батганы толгой бол!" гэдэг үгтэйг санахуй, "Өөрийн мөрөн дээр толгойгүй, өөрийнхөө хар толгойгоор нээсэн үзэл онолгүй, өөрийнхөө улаан гараар бүтээсэн түүхгүй хүн ард байснаас баасны хар ялаа болоод нисэж яваасан бол хаа зүйртэй, хаа бахтай вэ! Чигчийн зайны дайтай өндөрт ч бол хүний толгой дээгүүр, хүн хоёр хөл дээрээ хичнээн үсрээд ч үл хүрэх тийм дээгүүр зайд нисэн хөөрөх шүү дээ!"хэмээн гунихран бодно.
Хайртай болохоороо халаглах, уур хүрэх, тэр бүү хаа хараах...тэр бүү хэл, урам гутрахдаа, "И-ш, чааваь: бүгдийг нь махкомбинат руу туугаад оруулчихсан!" гэж адган бодох "нүгэл"-д унах ч энүүхэнд тулгарна...
Хайрлахад үзэн ядах ч бага санагдана...
Их хайр, их үзэн ядахуй хоёр нэгэн цээжин дот ор үргэлж түшилцэн, "ихэр хүүхэд" мэт цугтаа торнидог ю м шиг бодогдоно. (Үзэн ядахуй гэгч цөхөрсөн хайр ч ба йж мэднэ!)
Монгол хүнөөрийнхөө зүтгэл, зүдрэл, зовлон, зол иос тэмцлийнхээ үрээр үнэнд золгох нь хэзээ ч үгүй, я магт
бусдын "хэхэрсэн" аахар шаахар үнэний "гулигдас"-г бэлэнчлэн тосож, өерийнхөө "бөндгөр"-т өл залгуулна. Түүхийн "даваа" руу мацахдаа, дандаа хүний моринд сундалж, хүний унааг л гуйлгаар зайдлана. Юмны "дотор хэзээ ч эс орж, "гүн" рүү нь хэзээ ч эс нэвтэрнэ. Ямагт юмны "гадна" нь, "дэргэд" нь, "ойр тойронд" нь л эргэлдэнэ. Юм юмны захад залхуугүй очих хэрнээ юуны ч цаана нь эс гарна. Залхуу нь Эрлэгийг ч айлгана...
Бурхан минь! Ертөнцийг ухаарах монголчуудын у хаарал юутай омтгой, юутай ойворгон, юутай гүймэг гүехэн бэ ! Мэдэх нь юутай бага, бөөсөн чинээхэн атлаа м эдэмхийрэх нь юутай их, юутай ичгүүр сонжуургүй, мэдэх ө чүүхэнээ хүүрнэлдэх нь арслан хүрхрэх мэт юутай аймшиггүй вэ! Энэ "аймшиггүй"-н "дархлаа" монголын тү үхийн үл тасрагч эмгэнэлийн үл ширгэгч "ундарга" байж мэднэ!...
: Нэр хугарснаас яс хугарсан дээр
Нэр хугарснаас яс хугарсан дээр.
Өөрийн боловсролыг дээшлүүлэхийн төлөө бүх хүчээ шавхах шиг хүнд нэр төртэй сайхан юм юу байх билээ.
Сен Семон
Амласан л бол биелүүл. Амлачихаад биелүүлэхгүй байснаас огт амлаагүй нь дээр.
Соломон
Үгээ хурцалж, улайран маргалдсанаар та зарим үед ялан гарч ч болно. Гэвч ингэлээ гээд та ярилцагчийнхаа сайхан сэтгэлийг хэзээ ч олж авахгүй тул, энэ нь ямар ч ашиггүй ялалт юм.
Франклин
Итгэлийг олоход үнэн хэрэгтэй
Эндүүг халахад шударга хэрэгтэй.
Энэ бие хэврэг
Эрхэм нэр мөнх.
Ажилч хүний алдар мөнх
Ачит эхийн гавьяа мөнх.
Төрхмөө голсон хүүхэн муу
Төрлөө голсон хөвгүүн муу.
Хийгээгүй байж хөөрөх муу
Хийсэн гэж бардамнах муу.
Хурц хутга гарт халтай
Худал үг өөрт халтай.
Аугаа их үйлсийг амлалгүйгээр бүтээдэг ёстой.
Пифагор
Өлбөрч үхнэ гэдэг бол бага хэрэг, ёс төрөө уландаа гишгих л тун муу хэрэг.
Күнз
Ёс зүйтэй хүн л ухаалаг ярьж чаддаг.
Күнз
Sunday, May 10, 2009
ӨӨДРӨГ ЯВАХ 25 ЗАРЧИМ
1. Сэтгэлийн их тэнхээтэй яв.
2. Хэн нэг нь Таныг ивээнэ гэж битгий найд. Өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан өөрөө бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд. Нягт нямбай, тэвчээртэй бай. Биеэ ажилдаа бүрэн дайчил.
3. Зорилготой байж түүндээ хүр. Дэмий зүйлд санаагаа бүү зовоо. Хий хоосон мөрөөдөлд битгий авт. Хийх зүйлээ төлөвлө. Саад учирвал юунаас болсоныг тунгаа. Тэгэхдээ олон юмны хойноос бүү хөөцөлд.
4. Найз нөхрөө зөв сонго. Инээсэн бүхэн нөхөр биш. Чамайг өөд нь татах нөхөр ол.
5. Төлөвлөгөөтэй ажилла. Маргааш юу хийхийгээ урьд үдэш нь төлөвлө. Удаан, олон жил хийх ажлаа ч төлөвлө.
6. Yгүй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгүй байдаг ч, үгүй гэж хэлж сураагүй урсгалаар явдаг хүн, өөдтэй явсан нь үгүй.
7. Өөрийгээ битгий чамла. Хувийнхаа шилдэг чанарыг улам бүр зүлгэн өнгө оруул. Би чадна гэж зориглож сур.
8. Муу зуршлаас бага багаар сал. Дутагдалаа шударгаар хүлээ. Өөрийгөө зэмлэж сур. Биеэ хуурдаг хүн бүтэлтэй явсан нь ховор.
9. Өдрийн аль цагт хамгийн их үр бүтээлтэй байдгаа мэдэж ав. Чухам тэр цагийг бүү үр. Амрах, хооллоход тэр цаг мөчийг бүү зориул. Цагаа зохицуулж сур.
10. Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж тунгаа.
11. Битгий цухалдаж бачимд. Хэнээс юунаас болов гэдгийг тунгаа. Ядарвал ажлаа хойш тавь. Санаа зовох хэрэггүй. Yе үе хөдлөх, босох, суух, явган явахыг хичээ.
12. Yнэхээр юм бүтээе гэвэл биеэ эрүүл авч яв. Эрүүл биед саруул ухаан оршдог нь хамгаас үнэн.
13. Сайн сайхныг мөрөөд. Гутранги үзэл сайн юманд хүргэдэггүй. Yүнээс ч их юм хийж чадна гэж өөрийгээ зоригжуулж бай.
14. Хийх зүйлээ зүрх алдалгүй барьж ав. Ажлаа хаанаас, юунаас эхлэхийг эхлээд бод. Дараа нь ямар аргаар хийхээ тунгаа. Хүнтэй элбэх бол түүнтэйгээ зөвлө. Бүтэх эсэхийг тооцоолж, үр дүнг шалгаж бай.
15. Та дарга ч бай, цэрэг ч бай хувийн хариуцлагаа ухамсарла.
16. Бусдыг ашигтай зүйлд урамшуулан ятга, зоригжуул. Тусал.
17. Хийх гэсэн ажлаа хойш нь бүү тавь. Нэн даруй хийж сур.
18. Бусдын үгийг нухацтай сонсож сур. Хүний хэлснээс хэрэгтэйг нь ав. Хэрэггүйг нь гээ.
19. Учрах бэрхшээл саадыг урьдчилан тооцоолж бай. Тэгвэл таны ажил бүтэмжтэй байх болно. Зорьсондоо хүрэхэд ч хялбар болно.
20. Мэдрэхүй зөн совиндоо хааяа ч гэсэн итгэж бай. Дан ухаанаар бүхнийг дийлэхгүй байх үе бий.
21. Даруу байж сур. Бардам зан, хулчгар шинж хүнийг өөдтэй болгосон удаагүй. Бусдын шүүмжлэлийг хүлээж авч сур. Энэ нь амжилт олохын үндэс.
22. Хийж байгаа зүйлээ хэцүү хүнд гэж хааяа бусаддаа ойлгуулж бай.
23. Хүнээс үг дуулах сайхан. Бусдыг магтаж, өөрийгээ магтуулахад муу нь юу байхав. Нөхөр чинь сайн ажиллаж байвал магт, дэмж, тусал
.
24. Өөртөө их үүрэг, ачаалал хүлээж сур. Тэгвэл илүү ихийг бүтээнэ.
25. Тайван бай. Бусад чинь оволзож байсан ч тайван байж, гагцхүү зорьсноо хэрэгжүүлэхийг хичээж сур.
Танд амжилт хүсье