“Тусгай эмнэлэг” гэсэн хаягтай, олон хүн орж гарсан өндөр байшингийн дөрвөн давхрын буланд дотрын тасаг байдаг юм билээ. Гадаа, тэнгэр үүлэрхэг, яргуй сарын салхи хормой дэрвүүлж бие чихүүцсэн муухай өдөр байсныг хэлэх үү, дотрын тасаг гэдгийг бараг хагас цаг эрж будилсныг хэлэх үү. Бас дээр нь эргэлтийн хаалганы жижигхэн шагайвчаар зууван нүд, самсай нь сарталзсан хамраа цухуйлгаад,
-Чулуун гэдэг хүний бие асуух гэсэн юм, орж болох уу гэсэн миний гуйлтанд өрөөнийх нь дугаарыг мэдэхгүй бол боломж алга даа гэсэн хайхрамжгүй хайш яйш хариу өгөөд шил дарсан задгай үсээ сэгсэлзүүлсээр дэгдээд алга болсон үйлчлэгч, аль алиныг нь сэтгэлээсээ авч хаяхыг оролдон шал өөр юм бодож зогслоо. Гучин долооны жил орсон, толгойн оройд цөөхөн цагаан үс үзэгдэх болсон бүсгүй хүн юу эс бодох билээ дээ…"
Дунд сургуулийн зургадугаар анги, арван дөрөвтэй, тахимаа хүрсэн урт шаргал гэзэгтэй охин нас. Урт гэзэг минь одоо бодоход ангиараа жагсахад дороосоо хоёрт арайхийн ордог намхан жижиг биеийг минь чимж өгдөг байсан болов уу.
Манайх хотын баруун дүүрэгт. Эмэг эх маань Баянхошууны зүүн салаанд зусч хоёр үнээгээ шувтардаг болохоор намайг зуны амралтаар хажуудаа авна. Би ч эмээтэйгээ байх дуртай. Өглөө эрт босч тугал татаж өгөөд үнээгээ гилж, сүүгээ хөөрүүлнэ.
Миний хамгийн дуртай ажил бол ууланд гарч хуурай мөчир, хар модны боргоцой түүх. Их үд өнгөрч гараад оройн саамнаас өмнө гэртээ нэг уут түлээтэй ирж, галаа түлж хар модны боргоцой чад, пад дуугарч дөл дунд үсрэхийг харж суух сайхансан.
Намайг түлээнд гарахыг анаж байгаад саахалт айлын хүү Чулуун араас дэгдээд ирнэ. Түлээгээ хоёр уутандаа яаран дүүргэж ургаа мод түшүүлж тавиад нөмөрт нь бид хоёр зэрэгцэн сууж тухлана. Тэгээд Чулуун хуур хөгжим дарж, надад заах гэж үйлээ үзнэ. Бас үлгэр, түүх хэлж алмайруулна. Чулуун хуураар хоёр янзаар наадна. Нэг нь хуурын татуургаар эр бор харцагыг, нөгөө нь баруун гараараа хоёр чавхдасыг товшиж өнчин цагаан ботгыг тэшүүлнэ.
Чулууны хуурдсан ая, бүдүүн бараг хийцийн модон хуурнаас биш, харин эзнийх нь арван хурууны өндөгнөөс цацарч байгаа юм шиг.
Зууханд асч байгаа галын дөлд хар модны боргоцой чад, пад үсрэхийг харж суухад Чулууны товшуурын ая, гэрийн хөнгөн өрх дэрвүүлж зуны үдшийн салхи исгэрэх нь эр бор харцагын эгшиг шиг.
Чулуун надаас өндөр, бас бяр тэнхээтэйгээ гайхуулж, хоёр уут дүүрэн түүсэн түлээг холбож мөрлөөд би араас нь хуурыг нь бариад дуу аялан, дэгдэн бүжиг эргэж гэрийн зүг ачаатай тэмээний араас дагасан ботго шиг гарч өгнө. Мод түлээнд өнжөөд гардаг болохоор нэг өдөр удаан, нөгөө өдөр хурдан өнгөрдөгсөн.
Хуур морин толгойтой байдаг бол Чулууных тийм биш. Өвөө нь Чулуунд хуураар наадахыг зааж сургаад нарс, ямааны шүүж элдэж тэлсэн сарьс, хурдан морины сүүлээр энгийн гар хийцийн хуур хийж бэлэглэсэн юм гэдэг. Чулууныхтай эмээгийнх саахалт хоёр жил зусч, намайг долоод орох намар миний сайхан хуруутай хуурын багш минь Дундговь гэдэг аймагт шилжсэн. Тэр жил би хүүхдийн гэнэн цагаан нөхөрлөлийн насаа хараахан гээж чадаагүй байсан юм болов уу даа.
Чулууны найм, миний долоод орох зун одоо хүртэл санаанаас салдаггүй юм. Чулууныг хуурдаж, товшуурдаж байхад түүний урт нарийн шөрмөслөг хуруунаас би нүдээ салгадаггүй, цээжинд хоногшсон хуурын хөнгөн ая чихнээс минь салдаггүй. Бие биенээсээ холдох дургүй бид хоёр мөр мөрөө түшин суугаад нүднээс салдаггүй гарыг нь харж, чихнээс холддоггүй цэнхэр аялгууг сонсч байгаад нэг мэдэхэд нар уулын цаана хүүшилж, оройн саамнаас хоцорч, “ботго дагуулсан ачаатай тэмээ” тэшүүлж гарна. Чулуун дундын говьд төрж өссөн болохоор юм л бол ботго, тором, ат, ингэ гэж ярих дуртай. Тэгээд өөрийгөө өндөр хар ингэ, намайг эхээ дагасан цагаан ботго гэнэ.
Чулуун бас хуур хөгжмийн тухай өвөг эцгээсээ сонссон хоёр домгийг надад хэчнээн ч удаа ярив даа.
Хуур хөгжим эртний Хүннү аймгийн “ху” гэдэг үгнээс гаралтай гэнэ. Хоёр мянга хоёр зуун жилийн өмнө Монгол нутагт амьдардаг нүүдэлчин, малчин ардыг урд хөршийн суурин иргэншлийнхэн “ху” гэж хэлдэг байж. “Ху” гэдэг нь “хүн” гэсэн үгнээс үүсэлтэй. Эртний монгол аймгийг Хүннү улс, Хүн улс гэдэг байж. Хуур, хуучир гэдэг нь Ху-гийн хөгжим, Хүннүгийн хөгжим гэсэн утгатай. Тэр цагт хуурын тэргүүнд морин толгой байгаагүй учраас морин хуур гэж хэлдэггүй байж. Манай өвөө миний хуурыг “хүн” улсын аргаар морин толгойгүй хийж өгсөн гэж Чулуун сайрхана.
Чулуун, яагаад морин хуур гэх болсныг тэнгэрийн хархүүгийн алдсан хайр сэтгэлийн бэлгэдэл гэнэ. Хайртай бүсгүйгээ тэнгэрт орхиод далавчтай хүлгээрээ хөрст дэлхий дээр ирсэн хархүүд сэтгэлтэй болсон газрын хүүхэн, тэнгэрийн сайхан хүүхэнд атаархаж хүлгийнх нь шидэт далавчийг хайчилжээ. Тэнгэрийн хархүү жигүүрт хүлгийнхээ дэл сүүлээр хөвч татаж, толгойг нь дуурайлган сийлж морин хуур бүтээж мөнхийн хайрын ая зохиосон юм гэж үлгэр ч гэсэн үнэн юм шиг надад итгүүлнэ.
Долоод ордог жилийн зуны амралтын зуслангийн айлууд бууж байхад Чулуун бид хоёр сүүлчийн хоёр уут түлээгээ түүж зэрэгцэн суухад сайхан гараараа намайг элгэндээ нааж,
-Миний хөөрхөн цагаан ботго минь сайн сууж байгаарай гэж чихэнд минь шивэгнэж хацар нүүрийг минь зөөлөн, зөөлөн үнсэж билээ. Би өндөр Чулууны хацрыг тэмүүлэн байж үнсэж зүрхлээгүй. Харин сайхан гарынх нь алгыг хоёр хацартаа нааж уруулаа хүргэж суусан. Ингээд бид хоёр захидлаар байнга харилцдаг болсон.
“Улаанбаатар хотын… Даваажав” хаягтай захидал авах болгондоо би тооны хичээлд онц дүн авсан юм шиг баяр хөөр болно. Захиагаа цээжиндээ нааж багш, ангийнхныхаа нүдийг харуулдаж байж уншина. Гэртээ яаран гүйж хариад цайгаа уухаасаа өмнө захидлаа нуухын зовлонгүй дахин, дахин тайван уншина. “Миний хөөрхөн цагаан ботго, сайн байна уу. Говийн заг бударганатай тал нутгаас чиний эх, өндөр хар ингэ чамайгаа эрэн санан хөхнийхээ сүүг савируулан, нүднийхээ нулимс бөмбөрүүлэн өнчин цагаан ботго чамайгаа санан, гунин Богд уулыг тэшин сунаж даваад очмоор, учирмаар байна” гээд хөгжмийн уралдаанд аймагтаа түрүүлж, жинхэнэ морин хуураар шагнуулсан тухай бичнэ. Энэ захидлыг Чулуун урт сайхан хуруугаараа бичсэн гэж бодохоор чихэнд хуурын эгшиг, өрх дэвх салхи, оч үсэрч чад пад гэдэг ил галын дөл нүдэнд харагдаж чихэнд хангинадагсан.
Миний “Дундговийн сургуулийн…” гэсэн захидал тийм ч олон биш. Эрэгтэй хүүхдээс ирдэг “Надаас чамд, навчнаас цэцгэнд…” гэсэн захидал болгонд хариу өгдөггүй шигээ Чулууны захидлын хариуг яарахгүй.
“Миний өндөр ингэн ээж минь амар байна уу. Чиний цагаан ботго гадсаа тойрон дундын говийг харуулдан, харуусан буйлж явна” гээд
Ижийтэй цагаан ботго
Ижийгээ дагаад наадаж явна
Ижийгүй цагаан ботго
Гадсаа тойроод ганганаж байна
гэсэн дөрвөн мөрт дурайлгана.
Бид ингэж гурав дөрвөн жил захидлаар харилцаж, Чулуун арваа төгсөөд аймгийн театрт нэг жил хөгжимчин болж мөнгөжөөд соёл урлагын их сургуульд, би дунд сургуулиа дүүргэж бас нэг сургуульд суралцах болзол тавина. Ингээд нэг нь арван ёстэй эр, нөгөө нь арван наймтай хүүхэн болно гэж яарсан хэрэг. Яарсны хэрэг юу болохыг хэн хэн нь мэдэж л байсан байх даа.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment